“Бурхан уйдахаараа Парис хотыг дээрээс нь хараад баясан суудаг” гэдэг. Жуулчдыг соронз мэт татдаг гайхалтай өв соёлтой Франц улс нь гайхамшигт түүх, соёлын дурсгалт газрууд, дарс, тансаг сүрчиг гээд олон зүйлээрээ дэлхийд алдартай. Мөн Эйфелийн цамхаг, Парисын дарь эхийн сүм, Гарниэр дуурийн театр, Версалийн музей, Луврын музей гэх мэт хүн төрөлхтөний бахархал болсон дахин давтагдашгүй архитектурын түүхтэй орон юм. Францын төдийгүй дэлхийн гайхамшиг болсон соёлын хосгүй өв, гайхалтай уран барилгуудаас онцлон та бүхэнд танилцуулж байна.
1. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй Луврын музей
Парис хотын нүүр царай болсон, түүхэн бахархалтай уран барилгуудын нэг болох Луврын музей нь Францын гэхээсээ илүү Европын түүхийг шингээсэн уран барилга, интерьер, экстерьерийн хөгжил, сэргээн засварлалт, хүн төрөлхтөний түүх, дурсгалын хосгүй үнэт үзмэрүүдийг багтаасан дэлхийн төв цогцолбор юм. Хаад язгууртнуудын гэр бүлийн цуглуулгаас эх үндэс нь тавигдсан Луврын музейд балар эртнээс XIX зууны хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйлс хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийнбүтээл, эртний судлалын олдворууд байна. Өдөрт 15,000 жилд 8,500,000 үзэгчтэй байдгаас 66 хувь нь гадаадын жуулчид үзэж сонирхох бөгөөд өнгөрсөн онд нийт 10,2 сая хүмүүс зочилсон нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй музей хэмээгдэх болсон юм.
Ойролцоогоор 38 000 гаруй обьекттэй 72,735 метр квадрат талбайг эзлэн оршдог энэхүү музейг хамгийн анх XII зууны сүүл үед Филипп II хаан цайз, шилтгээний зориулалтаар бариулж байсан бөгөөд хожмоо хот суурин газар хөгжиж, цайз хамгаалалтын үүрэггүй болсноор 1546 онд Франциск I хаан сэргээн засварлаж Францын хаадуудын гол ордон болгосон юм. Шинэ ордны барилгыг архитектор Леско удирдсан бол IV Генрихийн үед Андруе дю Серсо, XIII Луис хааны үед Лево, Наполеоны үед Персье болон Фонтон, III Напелеоны үед Висконти, Лефюель нарын уран барилгачид үргэлжлүүлсэн байдаг. Хожмоо 1682 онд XIV Луис хаан гэр бүлийнхээ хамт Версалийн ордонд амьдрах болсноор Луврын ордонд эртний Грек, Ромын уран баримлууд л үлджээ. Үүнээс 10 жилийн дараа 1692 онд ордон Францын институтын академийн мэдэлд очиж, 100 жилийн дараа буюу Францын хувьсгалын үеэр үндэсний өв, түүхэн дурсгалт музей болгох шийдвэрийг үндэсний ассемблей нь гаргасан байдаг. Ийнхүү 1793 онд 537 уран бүтээлтэйгээр албан ёсоор музей үүд хаалгаа нээжээ.
1981 онд музейн эртний хэсгүүдийг сэргээн засварлаж шинэ, хуучин Луврыг холбосон алдарт шилэн пирамидыг байгуулсан юм. Энэхүү пирамидын зураг төслийг Хятадын архитектор I. M. Pei гаргаж, 1988-1989 онд баригдаж дууссан байна. Пирамидыг барьсан гол зорилго нь газар доорх орон зайд орчин үеийн техник технологийг ашиглан байгууламжийг бий болгож, музейн үзэгч, зорчигчдын урсгалыг ухаалгаар хуваарилах явдал байв. 2012 онд архитектор Марио Беллини, Руди Рикчотти нар 3000 м2 Исламын уран зургийн шинэ галлерейн зураг төслийг гаргаж, Луврын музейн зүүн жигүүрийн төв хэсэгт барьсан юм. Галлерей нь 9000 орчим ган хоолойгоос бүрдсэн, яг л хөвж буй мэт дизайнтай. Энэхүү байгууламж нь шилэн пирамидаас хойшхи анхны томоохон архитектурын өөрчлөлт байв.
Музейг Францын Засгийн газар эзэмшдэг бөгөөд 2003 онд засвар шинэчлэлт хийх шаардлагатай болж, 2006 оноос жил бүр 122 сая евро улсын санхүүжилт авдаг болсон байна. 2008 оноос музейг Египетийн хөшөө, уран баримал, Грек, Этрус, Ромын урлаг, Ойрхи Дорнодын хөшөө, Исламын урлаг, уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, уран зураг, хэвлэмэл болон гар бичмэл гэсэн 8 төрөлд хуваасан байдаг. Алдарт Мона Лиза, Миллосийн Венера зэрэг гайхалтай бүтээлийг зөвхөн энэ музейгээс л харах боломжтой юм.
2. 850 жилийн настай Парисын дарь эхийн сүм
Францын хамгийн урт бөгөөд баялаг түүхтэй уран барилга бол Парисын дарь эхийн сүм. Байгуулагдсанаас хойшхи 850 жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд, хэдэн удаа шинэчилсэн бөгөөд өдгөө жилд 12 сая хүн ирж үздэг байна. Сүмийн анхны суурь чулууг Луис хаан VII болон пап лам Александр III нар тавьж, барилгын ажил 200-аад жилийн турш үргэлжилж, 1345 онд баригдаж дуусчээ. Энэ хугацаанд тухайн цаг үеийн нэртэй архитектор Пьер де Монтрей, Жан Батист Лассю, Жан де Шелль, Жан ле Бутейе, Раймон дю Тампль, Жан Рави нарын оролцоотойгоор сүмийг барьж, шинэ Готик хэв загварыг бий болгосон байдаг.
Парисын дарь эхийн сүм түүхэн он жилийн хугацаанд сүндэрлэхдээ олон удаагийн дайн самууныг давж, үе үеийн хаадын сэргээн засварлалтын ачаар өнөөдрийн цаг үеийг хүртэл хадгалагдан үлдсэн түүхтэй. Сүмд Францын түүх соёлтой холбоотой олон чухал үйл явдал болж байсан бөгөөд үүнээс дурдвал 1431 онд Францын хаан VI Генрихийг хаан ширээнд өргөмжлөх ёслол, 1804 онд Наполеон Бонапартыг Францын эзэн хаанаар өргөмжлөх ёслол, 1945 онд Францын ерөнхийлөгч Шарль де Голль Парис хотыг чөлөөлсний дараа сүмийг зорьж, ёслол үйлдэж байсан юм.
XVI зууны үед сүм сүйдсэн боловч 1600 онд Луис XIII хаан дахин сэргээн засварлаж, 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжмийг бий болгожээ. XIX зууны эхээр сүйрлийн эрмэгт ирсэн сүмийг 1804 онд Напеолон хаан ширээнд сууснаар дахин сэргээсэн байдаг. 1829 онд Францын нэрт зохиолч Виктор Хюго “Парисын Дарь эхийн сүм” алдарт романаа бичиж, зохиолдоо сүмийн ур хийц, бүтцийн талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн нь тухайн үед Парист моодноос гараад байсан Готик хэв маягийн уг сүмийг дахин олны анхаарлын төвд оруулж, хожмоо энэ л зохиолоор дэлхий нийтээрээ мэддэг болсон билээ. Дэлхийн дайны аль ч үед сүмд томоохон хохирол учирч, олон уран бүтээлүүд устаж үгүй болсон ч XX зууны хоёрдугаар хагаст орчин үеийн хэв шинжтэй болгон завсарлаж, 13 тонн Эммануелийн хонх, гадна фасадыг шинэчилж, уран баримлуудыг нэмж барьжээ. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд дээврийн шинэчлэн засварлалтаас үүдэлтэй гал гарснаар хүн төрөлхтөний гайхалтай соёлын өв сүйдээд байна. Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлджээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг түймрийг “аймшигт үйл явдал” гэж нэрлээд дэлхийн улс орнуудын хандив тусламжийг оролцуулан сүмийг сэргээн босгох төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.
3. Францын хаадын тансаг шилтгээн Версаль
XVII зууны Францын томоохон ололтуудын нэг болох Версалийн ордон нь ЮНЕСКО -ын дэлхийн өвд бүртгэгдээд 30 жил болжээ. 63,154 м2 талбайтай 2300 өрөөтэй уг ордон XIX зуунаас эхлэн Францын түүхийн музей болон хувирсан юм. 2017 онд музейг 8 сая орчим жуулчин үзсэн байна.
Олон хаадын нууцыг хадгалсан энэхүү ордонд хамгийн анх 1682 онд Луис XIII хаан суурьшиж, архитектор Филберг Лэй Ройс зураг төслийг гаргасан байдаг. Харин түүний хүү Луис XIV үед ордон бүрэн утгаараа хөгжиж, хожмоо хүн төрөлхтөний бахархал болсон түүхэн барилга бий болсон түүхтэй. Тухайн цаг үед Венец хот Европын худалдааны төв болж, Флоренц сэргэн мандалтын үеийн хэв загвараар, Ром хот барроко стилээр хөгжиж ил, далд үргэлжийн өрсөлдөж байсан. Харин Луис XIV хаан Францын сонгодог загварыг харуулсан тансаг ордныг бий болгосноор бусад улс орныг гүйцэж түрүүлсэн байна.
Энэ үед ордны өргөтгөлийг архитектор Луис Ле Вау хариуцан ажиллаж, ордонд хоёр жигүүр, хойд, урд, баруун талд 3 байгууламжийг нэмж барьжээ. Мөн гадна цэцэрлэгийг архитектор Андри Ле Нотри 1660-аад оны эхээр байгуулж эхэлсэн бөгөөд тансаг усан оргилуур, хөшөө, сав газруудыг бий болгож, геометрийн дүрслэл бүхий цэцгэн мандал, ногоон зүлэг, модод тарьж ургуулснаар Европын хамгийн гайхамшигтай цэцэрлэгт хүрээлэн бий болжээ. Цэцэрлэгийг хаан болон хатны өргөөнөөс гайхалтай сайхан харагдахаар зохион байгуулсан байна. Харин ордны дотоод интерьерийг Чарльз Ле Сэрт зохион бүтээсэн юм. Тэрээр зураачид, уран барималчдыг удирдан ордны хана таазыг чимэглэж, цэцэрлэгт хүрээлэнд зориулан олон тооны хөшөө баримлыг бүтээжээ.
5 настайдаа хаан ширээнд суусан XV Луис өвөг дээдсийнхээ үлдээсэн гайхалтай ордныг хэвээр хадгалж үлдсэн бөгөөд гадна фасадад цөөн хэдэн өөрчлөлтийг хийсэн байдаг. Түүний хийсэн томоохон зүйлс бол Геркулесийн үзэсгэлэнгийн танхимыг бий болгож, 1769-1770 оны хооронд дуурийн театрыг бариулсан явдал юм. Түүний дараа үеүдэд хаант улсын санхүүгийн байдал хүндхэн байсан учраас ордонд өөрчлөлт хийгээгүй байна. Харин 1830 онд Францын хувьсгалаар эрх мэдэлтэй болсон Луис- Филипп хаан Версалийн ордныг Францын түүхийн музей болгон хөгжүүлж эхэлсэн юм. Музейг 1833 онд барьж эхлээд 1837 онд дуусгажээ.
1875 онд Францын парламент байгуулагдаж, сенатууд болон ерөнхийлөгчийг сонгох тухай хурал, түүнчлэн Францын Үндсэн хуульд нэмэлт оруулах гэх мэт онцгой арга хэмжээ, хурал зөвлөгөөн энэхүү ордонд зохион байгуулагддаг байв.
1991 онд ЗХУ-аас ордныг сэргээн засварлахад туслалцаа үзүүлж, Францчууд их хэмжээний хөрөнгө зарцуулан Версалийн ордноо сэргээн засварлажээ. 2003 онд “Grand Versailles” төсөл хэрэгжиж, 1999 онд Лотар хотод болсон хар шуурганаас болж үгүй болсон 10 000 гаруй модыг дахин тарьж, 2006 онд ордны толин заалыг сэргээж, 2009 онд Версалийн рояал дуурийн театрыг засварлах ажил дууссан байна. Одоо албан ёсны нэр нь “Версалийн музей” бөгөөд 1995 оноос Францын соёлын яаманд харьяалагдах болсон юм. Одоогийн тэргүүнээр Кэтрин Пежард ажиллаж байна.
4. Хог мэт үзэгдэж байсан Эйфелийн цамхаг Францын бэлгэ тэмдэг болсон нь
Эйфелийн цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. 300м өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд нэгдүгээр давхар нь 57м өндөрт 345 шаттай, хоёрдугаар давхар нь 125м өндөрт 359 шаттай байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт нийт 1652 шат бий. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. 7 жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг аж. Түүхийн хуудас сөхвөл Францын Засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхагийг 1887 оны долоон сараас барьж эхэлжээ. Цамхагийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 он баригдаж дууссан юм. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт хотын иргэд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв.
Эйфелийг 20 жилийн дараа нураах төлөвлөгөөтэй барьсан ч 1897 оноос радиотелеграфын антенд ашиглахын тулд бүрэн бүтэн үлдээсэн нь хожмоо дэлхийн нэгдүгээр дайны үед чухал цахилгаан мэдээ, мэдээллийг дамжуулж, гадны тагнуулуудыг илрүүлэхэд ашиглагдсан байна. Мөн тухайн үед архитектурын шинэлэг хэв маяг болж, архитекторуудад уран сэтгэмж өгсөн гайхалтай бүтээл болсон гэж үздэг. XX зууны эхэн үеэс цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширч, өдгөө Францын гол билэг тэмдэг болсон байна. Эйфелийг 200 сая гаруй жуулчид үзсэн нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ. Өнөөдрийн байдлаар цамхагт 120 антен, хөшөөний оройгоос 32 радио станц, 40 телевизийн суваг цацагдаж байна.
5. Дэлхийд хамгийн алдартай Гарниэр дуурийн театр
Францыг алдаршуулсан бас нэгэн гайхалтай бүтээн байгуулалт бол Гарниэрийн дуурийн театр юм. Энэхүү театрыг 1861-1875 онд III Наполеон хааны зарлигаар барьжээ.
Хамгийн анх “Salle des Capucines” хэмээн нэрлэгдэж байсан ч архитектурын гайхалтай шийдлийг хожмоо биширч, зураг төслийг нь гаргасан Чарьлз Гарниэрын нэрээр нэрлэгдэх болсон юм. Тэрээр энэхүү дуурийн театрын барилгын загварыг XIX зууны хоёрдугаар хагас, Парисын их сэргээн засварт тохируулж, олон түүхэн сурвалжаас санаа авч, архитектор Паллидиогийн сонгодог үзэл баримтлалыг ренессанс архитектуртай хослуулсан байдаг. Мөн тансаглах дуртай III Напелеон хааны хүсэл сонирхолд нийцүүлсэн нь дэлхийн хамгийн тансаг сайхан театрыг бий болгоход нөлөөлсөн юм. Барилга 13 жилийн турш баригдсаны эцэст гайхамшигт неокласик архитектуртай Гарниэр театр нь Парис хотын нандин эрдэнэ болсон төдийгүй дэлхийн дуурийн театрын хэв маягийг тодорхойлсон анхны бүтээл болсон юм.
Театрын гадна фасад болон дотоод засал чимэглэлд полихроми, олон өнгө, зэс, алдатмал хүрэл, гантиг чулуу ашигласан төдийгүй гадна нүүрэн хэсэгт гэхэд 70 төрлийн фасадыг ашиглажээ.
Мөн олон тооны гантиг, чулуун баганууд, тансаг баримлууд байх бөгөөд эдгээрийн ихэнх нь Грекийн домогт бурхадыг дүрсэлсэн байдаг. Түүнчлэн цагаан гантиг чулууг улаан болон ногоон гантигтай хослуулсан тансаг шаттай, Паул-Жакуз-Аиме Баудри зурсан хөгжмийн түүхэн дэх олон янзын зураглалыг харуулсан тансаг таазтай байдаг.
Энэхүү заал нь 18 м өндөр, 154м урт, 13м өргөнтэй аж. Харин театрын гол танхим нь 1979 суудалтай, уламжлалт Италийн хэв маягийг шингээсэн байдаг. Театрын хувьд Европдоо хамгийн томд тооцогддог бөгөөд 450 гаруй уран бүтээлчтэй аж.
Мэдээ мэдээлэл
- Таны гэрт зориулсан унтлагын өрөөний гэрэлтүүлэг
- Таныг хүссэн интерьерээ хийхэд туслах 5 зөвлөмж
- ProVent Шалны зөөлөвчний давуу тал
- 2021 оны интерьерийн чиг хандлага: Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?
- Минималист хэв маягаар ажлын хэсэг бий болгох шийдлүүд
- Жижиг талбайг хэрхэн тохижуулах вэ
- Тагт нь өрөө байх боломжтой юм.
- Хүүхдийн өрөөний загварууд
- 484 Мкв Германы ойд байрлах байшингын интерьер болон экстерьер
- Шохойн завсрын өнгөнд дуртай л биздээ ...
- Гал тогооны өрөөг Скандинав хэв маягаар тохижуулах шилдэг 27 санааг танилцуулж байна .
- Дэлхийн найм дахь гайхамшигт нэр дэвшигч Акшардам сүм
- Италийн алдарт уран барилгууд
- Бээжингийн аварга нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ.
- Египетийн цөлд “амьд“ барилгууд сүндэрлэнэ
- 70 мкв тай байрны тохижилт
- Дэлхийн хамгийн гоёмсог 10 төрийн ордон
- Архитектурын гайхамшиг: Уулын орой дээр сүндэрлэх тансаг зэрэглэлийн зочид буудал
- Архитектор Роберт Кониечни нарны гэрэл дагаж хөдөлдөг байшин бүтээлээ
- Хувцасны өрөөгөө тохижуулах санаанууд
- Чингэлтэй уулын энгэр дэх олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай
- Унтлагын өрөөнийхөө ханыг тохижуулах санаа аваарай
- 2019 оны обойн шилдэг загварууд
- Обойг сонгоход анхаарах зүйлс
- Саарал өнгөнд дуртай бол санаа аван гал тогоогоо тохижуулаарай
- Хүүхдүүдийнхээ унтлагын өрөө болон гэрийнхээ дотор заслыг санаа аван шийдээрэй
- Япон загварын дотоод засал
- “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл
- Интерьерт модон материал ашиглах 5 шалтгаан
- Парисын алдарт уран барилгууд
- Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн төслийн концепц, загвар зураг төслийн уралдаанд ирүүлсэн 9 бүтээл
- Хоосон ханыг тань чимэглэх гайхалтай ханын тольнуудын санаа
- Төв цэнгэлдэх хүрээлэнг Яармагийн урд хэсэгт барихаар тогтлоо
- Архитектурын гайхамшиг: 2019 оны шилдэг архитектор Арата Исозакигийн сор бүтээлүүд
- Гайхалтай дотор засал байна шүү.
- Саарал болон ягаан өнгөний зохицол таатай тухтай мэдрэмж төрүүлж байна шүү
- 79 мкв- тай 3 өрөөний тохижилт
- Цэнхэр өнгөнд дуртай бол дараах санаануудаас санаа аван унтлагын өрөөгөө тохижуулаарай
- Загварлаг зай бага эзлэх зочны болон гал тогооны өрөөний ширээнүүд
- Интерьерт байгалийн материал ашиглах нь
- Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.
- Зочны өрөөгөө хэрхэн тохилог болгох вэ?
- Минималист хэв маяг нь хамгийн стрессгүй орчинг бүрдүүлдэг
- Та бүхэн гал тогоогоо санаа аван тохижуулаарай
- 45 мкв байрны дотоод засал хийх санаа
- Эдийн засаг болоод сэтгэл зүйд ээлтэй интерьер засал
- Мэдээний гарчиг байрлана
- Мэдээний гарчиг байрлана
- Мэдээний гарчиг байрлана